ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд тэгш оролцох эрх

Хүн бүр хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байж, үндсэн эрх, эрх чөлөөгөө эдлэн, нийгмийн баялгаас адил хүртэх эрхтэй.

Асуулт 1. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ялгаварлан гадуурхсан бол хариуцлага хүлээх тогтолцоо байдаг болов уу?

Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд зааснаар хүүхдийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан ялгаварлан гадуурхсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог.

Асуулт 2. Манай нөхөр хөгжлийн бэрхшээлтэй. Ажилд олохоор анкет бөглөж, хүний нөөцийн ярилцлага, мэргэжлийн шалгалтад тэнцээд захирлын ярилцлагад орсон юм. Уг ярилцлагаар нөхрийн минь ажил сүүлийн 3 жил ажил хийгээгүй шалтгааныг нь асуухад нь байнгын асаргаа шаардлагатай бдг талаар хэлсэн. Тэгтэл уучлаарай таны хувийн амьдралаас харахад ажилдаа эрч хүч, цагаа гарган ажиллах боломжгүй юм байна гээд ажилд аваагүй. Энэ талаар хориглосон хуулийн зохицуулалт байдаг болов уу?

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй гэсэн шалтгаанаар хүнийг ажилд авахаас татгалзах, чөлөөлөх, бусад хэлбэрээр ажил, хөдөлмөр эрхлэх эрхийг нь хязгаарласан иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг ялгаварлан гадуурхалт гэж үзнэ.

Асуулт 3. Байгууллагын маань хэлтсийн дарга надад ялгавартай хандаж, бусад албан хаагчийн өмнө хөгжлийн бэрхшээлтэй өрөвдөлтэй хэмээн хэд хэдэн удаа доромжилж байсан. Энэ хүнд хүлээлгэх хариуцлага байдаг болов уу?

Хүнийг хөгжлийн бэрхшээлээр нь доромжлох, тохуурхах, хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүл, эцэг эхийг гадуурхах, олон нийтэд хөгжлийн бэрхшээлийн талаар буруу ойлголт төрүүлэхүйц мэдээлэл, зар сурталчилгаа явуулах, соёл урлагийн бүтээл хийх, хүний сүсэг бишрэл, итгэл үнэмшилд суурилан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхэд халдсан аливаа зөвлөгөө өгсөн увь хүнийг, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хүндэтгэх, ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтад 14 хоногоос доошгүй хугацаагаар хамруулдаг.

Асуулт 4. Хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг ямар байгууллага тогтоодог вэ?

Хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг дараах комисс тогтооно:

1. 0-16 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс;

2. 16 ба түүнээс дээш насны хүний хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс;

3.хөгжлийн бэрхшээлтэй болсон шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс.

Асуулт 5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт олон нийтэд нилээн дутмаг байх юм. Энэ ойлголтыг бусдад зөв хүргэхэд төрөөс олон нийтэд чиглэсэн арга хэмжээ байдаг болов уу?

Гэр бүл болон нийгмийн бүхий л хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хүндэтгэх хандлагыг төлөвшүүлэх зорилгоор төрөөс хэрэгжүүлэх арга хэмжээ:

1.төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээд нь ажилтан, албан хаагчдынхаа дунд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, түгээмэл загвар, тохирох хэрэглэгдэхүүнээр хангах талаар сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулах;

2.Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар зөв ойлголтыг нийгэмд төлөвшүүлэхэд чиглэсэн нийтлэл, нэвтрүүлгийн бодлого хэрэгжүүлэх;

3.хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хүндэтгэх эерэг хандлагыг төлөвшүүлэх асуудлыг бүх шатны боловсролын байгууллагын сурах бичигт тусгайлан тусгаж, сургалт, хичээлийн агуулгаар дамжуулан хэрэгжүүлэх;

4.хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх болон төрөөс үзүүлэх үйлчилгээний талаарх мэдээ, мэдээллийг хөгжлийн бэрхшээлтэй хүн, түүний гэр бүлд өгөх, сургалт, сурталчилгаа явуулах арга хэмжээг зохион байгуулах;

5.хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын бие даан амьдрах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх, эрхийг нь хүндэтгэсэн нийгмийн орчныг бүрдүүлэх, түүнд чиглэсэн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон, гэр бүл, иргэдийн санал санаачлагыг дэмжих замаар нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаархи эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилгыг агуулсан арга хэмжээг зохион байгуулан холбогдох зардлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төсөвт тусган шийдвэрлэх. 

 

 


http://www.e-khutuch.mn/guide/print/33/383/faq