ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэх эрх

хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажил олох, ажлын байраа хадгалах, ахиж дэвших адил боломж олгох, тэгш хандах, тухайн ажил нь өөрийн сонголтод нийцэж, хувь хүний боломж чадварыг харгалзана.

Асуулт 1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхэлтийг дэмжсэн хууль байдаг уу?

Хөдөлмөрийн тухай хууль болон хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхэлтийг дэмжсэн хуулийн зохиуцуулалт тусгагдсан байдаг.

Асуулт 2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнг ажилд авбал улсаас ямар нэгэн хөнгөлөлт, урамшуулал өгдөг болов уу?

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхэлтийг дэмжих зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 6 сараас дээш хугацаагаар ажилгүй байгаа иргэнийг ажилд авч, 12 сараас доошгүй хугацаагаар ажлын байраар хангасан ажил олгогчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшууллыг нэг удаа олгож, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газраас гарсан иргэнийг ажлын байраар хангаж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх талаар тодорхой санаачилга гаргаж, үр дүнд хүрсэн ажил олгогчийг тусгай болзлын дагуу Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл шалгаруулж, урамшуулдаг.

Асуулт 3. Би хөгжлийн бэрхшээлтэй юм л даа. Сургуулиа төгсөөд ажилд ороод 3 сар болж байна. Ажлын цаг нь энгийн хүмүүсийн ажиллах цагтай адил байдаг юм уу?

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар хөгжлийн бэрхшээлтэй ажилтны долоо хоногийн ажлын цаг 36 цаг хүртэл байна.

Асуулт 4. Манай нөхөр хөгжлийн бэрхшээлтэй. Ажилд орох гэхээр ажилд авах албан байгууллага байхгүй юм. Ажилд оргогч ялгаварлан гадуурхахыг хориглосон  хуулийн зохицуулалт байдаг болов уу?

Хөдөлмөрийн тухай хууль болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг дэмжих тухай хуулид энэ талаарх үохицуулалт байдаг. Тодруулбал Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлд зааснаар хөгжлийн бэрхшээлтэй, одой хүний биеийн байдал нь хөдөлмөр эрхлэхэд саад болохооргүй буюу хөдөлмөрийн нөхцөл нь харшлахгүй бол тэдгээрийг уг шалтгаанаар ажилд авахаас татгалзахыг хориглодог. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар дараах тохиолдлуудыг хориглодог. Үүнд:

1.ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзах, сонгон шалгаруулалтад тэнцсэн хүнийг хөгжлийн бэрхшээлийн улмаас ажилд авахаас татгалзах;

2.хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүний албан тушаал ахих, дэвших боломжийг хязгаарлах;

3.байгууллага, аж ахуйн нэгж нь ажиллагсадыг хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварласан дүрэм, журам, удирдлагын арга барилыг хэрэглэх, ашиглах;

4.гэр бүлийн гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй гэсэн шалтгаанаар хүнийг ажилд авахаас татгалзах, чөлөөлөх, бусад хэлбэрээр ажил, хөдөлмөр эрхлэх эрхийг нь хязгаарлах;

5.хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдлэг ур чадвар, онцлогт тохирсон ажлын байрыг зохион байгуулахаас татгалзах, цалин хөлсийг ялгавартай тогтоох;

6.хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлогт тохирсон ажлын байрны тохирох хэрэглэгдэхүүн бий болгохгүй байх.

Асуулт 5. Манай байгууллага 76 ажилтантай. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авах тухай хуулийн зохицуулалт байдаг гэсэн. Манай байгууллага хэдэн хөгжлийн бэрхшээлтэй иргэнг ажилд авах хэрэгтэй вэ?

Тухайн аж ахиуйн нэгж, байгууллага 25, түүнээс дээш ажилтантай бол албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна. Иймд танай байгууллага 4 ба түүнээс тээш хөгжлийн бэрхшээлтэй иргэнг ажлын байраар хангах үүрэгтэй.

Асуулт 6. Манай хүний нөөцийн менежер хөгжлийн бэрхшээлтэй иргэнг ажлын байраар хангахгүй бол төлбар төлдөг гэх юм. Ямар хуулинд тэр талаар тусгагдсан байдаг вэ?

25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна. Заасан хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүн ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд сар бүр төлбөр төлнө.

Асуулт 7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй орон тоо тутамд төлдөг төлбөр хаашаа юунд төсөвлөгдөж, зарцуулагддаг вэ?

Хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүн ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд сар бүр төлөгддөг төлбөрийг тухайн орлогыг бүрдүүлсэн орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд зарцуулдаг.

Асуулт 8. Би нилээн том олонд танигдсан компанид ажилд орохоор бүртгүүлсэн юм. Ажлын анкетөндаа тэнцээд ярилцлаганд орохоор очтол та хөгжлийн бэрхшээлтэй юм байнашд. Таныг ажилд авах боломжгүй гээд ярилцлагад оруулаагүй. Ингэж ялгаварлан гадуурхаж болдог юм уу?

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзах, сонгон шалгаруулалтад тэнцсэн хүнийг хөгжлийн бэрхшээлийн улмаас ажилд авахаас татгалзахыг хориглосон байдаг.

Асуулт 9. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байраар хангах талаар төрөөс ямар нэгэн дэмулаг байдаг болов уу?

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтэд төрөөс дараахь дэмжлэг үзүүлдэг. Үүнд:

1. хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулж байгаа иргэн, хуулийн этгээдийг хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах, тохирох хэрэглэгдэхүүн бүхий ажлын байр бий болгохыг урамшуулах;

2. хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрлөх чадварт тохирох хэрэглэгдэхүүн бүхий ажлын байр бий болгох, тэдгээрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэхтөсвийн хөрөнгөөр хийх худалдан авалтад тэргүүн ээлжинд хамруулах;

3. хөгжлийн бэрхшээлтэй хүн мэргэжлээрээ ажиллахад шаардагдах ажлын багаж, тоног төхөөрөмж, материал болон бусад шаардлагатай хэрэгслийг худалдан авахад нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нэг удаа санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

4. хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дунд мэргэжлийн ур чадварын тэмцээн зохион байгуулахад төрөөс дэмжлэг үзүүлэх;

5. мэргэжлийн ур чадварын олон улсын тэмцээнд амжилттай оролцсон хөгжлийн бэрхшээлтэй хүнд урамшуулал олгох ба урамшуулал олгох журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлах;

6. хөгжлийн бэрхшээлтэй хүнд мэргэжлийн чиг баримжаа, ур чадвар олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа сургалтын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх.

Асуулт 10. Би сонсголын бэрхшээлтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай сургалтын төв ч юм уу байдаг болов уу?

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжлийн баримжаа олгох сургалтыг тус төвийн нэгж Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль эрхлэн явуулдаг. Тус сургууль нь 15-45 насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг 1-2,5 жилийн мэргэжлийн ангид суралцуулах боломжтой ба бусад мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээс ялгаатай нь боловсролын түвшин хамаарахгүй сургуулиас завсардсан болон суурь боловсролгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжлийн боловсрол, чиг баримжаа олгож байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн мэргэжлийн боловсрол олгож, тэдэнд харилцаа, амьдрах ухаан, бизнес аж ахуй эрхлэх, англи хэл, биеийн тамир, эрүүл мэндийн болон мэргэжлийн технологийн хичээлүүдийг /20 хувь/ онол, /80 хувь/ дадлага хослуулан заадаг. 27 Үүнд: Нэг жилийн Тогооч, Талх, нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан, Оёмол бүтээгдэхүүний оёдолчин /2,5 жил/, Модон эдлэлийн мужаан, Бэлэг дурсгалын зүйл урлаач, Хэвлэлийн дизайнч /2,5 жил/, Гар утас, телефон аппаратны засварчин гэсэн 7 чиглэлээр мэргэжлийн боловсрол олгох сургалтуудыг явуулдаг.

Асуулт 11. Хөгжлийн бэрхшээтэй иргэд ажилд ороход энгийн хүмүүстэй адил тэгш эрхтэй оролцдог уу? Энэ эрхийг ямар хууьд тусгасан байдаг вэ?

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилд орох, албан тушаал дэвших, цалин хөлс, нөхөн олговор авах, хөдөлмөр эрхлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд бусадтай адил тэгш хамрагдах эрхтэй.


http://www.e-khutuch.mn/guide/print/33/380/faq