ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нотариатын үйлчилгээ Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран болон дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгээ өмчлөх эрх гэрчлэх

Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран болон дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгээ өмчлөх эрх гэрчлэх

Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байдаг.

Гэр бүлийн гишүүнд ногдох хэсэг гэдэг нь  гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг гэр бүлийн бүх гишүүдэд адил хувааж, тухайн гишүүнд ногдсон хэсгийг ойлгож болно.

Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг гэрчлэхдээ нотариатч зөвхөн маргаангүй тохиолдолд гэрчилнэ.

Одоогоор гэрлэгчдээс төлбөр гаргуулахад тэдгээрийн хуваарьт эд хөрөнгө хүрэлцэхгүй бол, гэрлэгчдийн аль нэг нас барсан ба өвлөх эрхийн гэрчилгээ бичигдэх үед, хөрөнгийн баталгаа гаргахад, эд хөрөнгөө гэрээсэлсэн зэрэг тохиолдолд хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ өмчлөх эрхийг гэрчлүүлж байна.

Мөн сүүлийн үед хамтран өмчлөх дундын хөрөнгөөс оногдох хэсгээ бусдад худалдах, барьцаанд тавих итгэмжлэл, гэрээ хэлцэлүүд хийгдэх болсон. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр тухайн өмчлөгч хэдэн хувийг эзэмшдэг нь тодорхойгүй байдаг тул хамтран өмчлөгчдийг тогтоож оногдох хэсгийг нь захиран зарцуулах нотариатын үйлдэл хийхэд багагүй хүндрэл гарч байна.

Нотариатч энэ үйлдлийг гэрчлэхдээ гэрлэгсдийн бичгээр байгуулсан гэрээ, гэрлэлтийн гэрчилгээ, гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн гэрчилгээ, гэр бүлийн гишүүдийн сайн дурын хүсэлт, хөрөнгө түүний эрхийг нотолсон бусад баримт бичиг, лавлагаа, тодорхойлолтыг үндэслэн гишүүнд ногдох хэсгийг өмчлөх эрхийг гэрчилнэ.

Гэрлэгсэд гэр бүлийнхээ амьдарлыг  аз жаргалтай, бат бөх, байлгахын тулд бие биеийнхээ өмнө харилцан үүрэг, хариуцлага хүлээж гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө хамтдаа зүтгэж ажиллаж амьдардаг. Энэ ч үүднээс тэд амьдарлынхаа явцад тодорхой хэмжээний гэр бүлийн хөрөнгийг бий болгож, хуримтлуулж түүнийгээ ашиглах, цаашлаад гэр бүлийн гишүүдэд хуваах, хуваарилах асуудлууд гарч ирдэг.  Ирээдүйд гарч болзошгүй эд хөрөнгөтэй холбоотой маргаанаас урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд тухайн асуудлыг гэр бүлийн гишүүдийн эрх ашгийг зөрчилгүйгээр эв зүйгээр шийдвэрлэхийн тулд гэрлэлтийн гэрээ байгуулж гэрчлүүлэх асуудал гадаадын улс орнуудад түгээмэл байдаг. Манай улсад ч сүүлийн жилүүдэд энэ гэрээний ач холбогдлыг ойлгож нэлээд хийлгэх болсон.

Гэрлэлтийн гэрээг гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө эсхүл гэрлэсний дараа хэдийд ч байгуулж болдог. Хэрэв гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө байгуулсан бол гэрлэлтээ баталгаажуулсан өдрөөс эхэлж хүчин төгөлдөр болно. Гэрээнд гишүүний хуваарьт хөрөнгө, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө, гэрлэлт цуцалсан тохиолдолд ногдох хөрөнгийг тодорхойлох, хөрөнгийн эрхтэй холбоотой бусад асуудлыг тусгаж зохицуулна.

Гэрлэлтийн гэрээг бичгээр үйлдэж нотариатаар заавал гэрчлүүлнэ.

Нотариатч гэрлэлтийн гэрээг гэрчлэхдээ гэрлэгсэд гэрлэлтийн гэрээг харилцан тохиролцож, тэгш эрхийн үндсэн дээр байгуулсан эсэх, хэн нэгний нөлөө, дарамт, шахалт байгаа эсэхийг сайтар нягтална. Талууд гэрээнд хэдийд ч нэмэлт, өөрчлөлт оруулах эсхүл цуцлах эрхтэй байдаг.


http://www.e-khutuch.mn/guide/print/30/350/advice