ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нотариатын үйлчилгээ Баримт бичгийн хуулбар гэрчлэх

Баримт бичгийн хуулбар гэрчлэх

Хуулийн зохицуулалт

Нотариатын үйлдэл дараах төрөлтэй байна. Үүнд: 

  • гэрээ, хэлцэл гэрчлэх;
  • гэрээслэл гэрчлэх;
  • итгэмжлэл гэрчлэх;
  • өвлөх эрхийн гэрчилгээ олгох;
  • өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах;
  • хуулийн этгээд үүсгэн байгуулах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах баримт бичиг гэрчлэх;
  • эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбогдох баримт бичиг гэрчлэх;
  • гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран болон дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгээ өмчлөх эрх гэрчлэх;
  • баримт бичгийн хуулбарыг болон орчуулгыг гэрчлэх;
  • баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх;
  • Иргэний хуулийн 237 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хүлээн авч хадгалах, шилжүүлэх;
  • нотариатын мэдэгдэх хуудас бичих.
  • хуульд заасан бусад.

Заавал гэрчлүүлэх нотариатын үйлдлийг зөвхөн хуулиар тогтоох бөгөөд үүнээс бусад үйлдлийг үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрчилнэ.

Баримт бичгийн хуулбар гэрчлэх

  1. Баримт бичгийн бүрэн буюу хэсэгчилсэн хуулбарын агуулга нь хуульд харшлаагүй бол нотариатч хуулбарыг эх хувьтай нь тулган шалгасны үндсэн дээр гэрчилнэ.
  2. Өөр өөр утга санаа агуулсан баримт бичгийн аль нэг хэсгийн хуулбарын үнэн зөвийг гэрчилж болох бөгөөд ийнхүү гэрчлэхдээ үндсэн агуулгыг илэрхийлсэн хэсгийг заавал хамт гэрчилнэ.
  3. Анхны хуулбар урьд нь нотариатчаар гэрчлэгдсэн, эсхүл уг баримт бичгийг олгосон иргэн, хуулийн этгээд түүний үнэн зөвийг тодорхойлсон тохиолдолд баримт бичгийн хуулбарын хуулбарыг гэрчилнэ.

Нотариатын үйлдэл хийх заавраас:

Арван гурав. Баримт бичгийн хуулбар, орчуулгыг гэрчлэх 

13.1.Баримт бичгийн хуулбарыг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийг баримтлана.

13.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан хэрэг шийдвэрлэхэд нотлох баримтын ач холбогдол бүхий баримт бичгийг зохигчдын хүсэлтээр гэрчилж болно.

13.3.Нотариатч нь орчуулга хийх эрх бүхий этгээдийн орчуулгыг эх баримтыг нь үндэслэн гэрчилж болно. Эх баримтад зурсан орчуулагчийн нэр, гарын үсэг ойлгомжтой, тэмдэг тод дарагдсан байна.

13.4.Нотариатч нь баримт бичгийн хуулбарыг дараахь тохиолдолд гэрчлэхгүй.Үүнд: 

13.4.1.гадаад хэл дээр үйлдэгдсэн баримт бичиг албан ёсоор орчуулагдаагүй, орчуулга зайлшгүй шаардлагатай, эсхүл тухайн хэлийг нотариатч мэдэхгүй;

13.4.2.тухайн баримт бичигт эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, эсхүл дутуу зурсан, түүнчлэн гэрчлүүлэх баримт бичгийн тамга /тэмдэг/-ны дардас нь гаргацгүй, бүдэг бол.

13.5.Нотариатч шаардлагатай гэж үзсэн зарим баримт бичгийн хуулбарын 1 хувийг архивт хадгалахаар авч үлдэж болно.


http://www.e-khutuch.mn/guide/print/30/348/law