ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нотариатын үйлчилгээ Баримт бичгийн хуулбар гэрчлэх

Баримт бичгийн хуулбар гэрчлэх

Баримт бичгийн хуулбар гэрчлэх гэдэг нь тухайн баримт бичгийн эх хувийг бусдад өгөх боломжгүй эсхүл өөрт хувь авч үлдэх шаардлагатай тохиолдолд түүнийг хуулбарлан эх хувийн адил хүчинтэй болгож байгаа үйлдэл юм.  Үүнд: төрөөс олгогддог бүх төрлийн иргэний бичиг баримтууд \ цахим үнэмлэх, жолооны үнэмлэх, төрсөний, үрчилсний, гэрлэсний, гэрлэлт цуцалсны, нас барсаны гэрчилгээ\ бүх төрлийн боловсролын гэрчилгээ, диплом, нийгмийн даатгалын, хөдөлмөрийн дэвтэр, албан байгууллагын тушаал, захирамж, тогтоол, гэх мэт орно. Шаардлага хангасан албан байгууллагын тодорхойлолтуудыг ч хуулбарлан гэрчилж болно.

Гагцхүү тухайн баримт бичгийн бүрэн буюу хэсэгчилсэн хуулбарын агуулга нь хуульд харшлаагүй, алдаагүй, засваргүй, эх хувийн шаардлага хангасан байх ёстой бөгөөд тухайн хуулбарыг эх хувьтай нь тулган, сайтар шалгасаны үндсэн дээр гэрчилнэ.

Сургууль төгссөн боловсролын гэрчилгээ, диплом, ямар нэг байгууллагын ажлын тодорхойлолт зэргийг  хуурамчаар хийн гэрчлүүлэхийг хүссэн тохиолдол нэлээд элбэг байдаг. Тиймээс тухайн бичиг баримтын эхийг үнэн зөв гэдгийг сайтар шалган тогтоох нь чухал юм. Үнэн, зөв эсэх нь эргэлзээтэй байвал гэрчлэхгүй байж болно. Мөн гэрчлүүлэх баримт бичгийн тамга тэмдэгийн дардас гаргацгүй, бүдэг, балласан, засварласан, гэмтсэн, тухайн баримт бичигт эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зураагүй, дутуу зурсан,  гадаад хэл дээр үйлдэгдсэн баримт бичигт нотариатч тухайн хэлийг мэдэхгүй орчуулга зайлшгүй шаардлагатай байгаа зэрэг тохиолдолд гэрчлэхгүй байж болно.

Шаардлагатай гэж үзвэл зарим баримт бичгийн хуулбарын хувийг архивт хадгалахаар авч үлдэж болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь , хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлэгдсэн хуулбарыг өгнө” гэж заасны дагуу тухайн бичиг баримтын хуулбарыг гэрчилснээр хэрэг шийдвэрлэхэд нотлох ач холбогдолтой болгон өгдөг бөгөөд энэхүү хуулбар нь хэргийн чухал нотлох баримт болохын хувьд тухайн хэргийн архивт үлддэгээрээ чухал ач холбогдолтой юм.

Нотариатч үйлчлүүлэгчийн хүсэлтээр орчуулга хийх эрх бүхий этгээдээр орчуулагдсан албан ёсны орчуулгын тамга, орчуулсан этгээдийн гарын үсэгтэй баримт бичгийг түүний эх хувийг үнэн, зөв эсэхийг шалган тогтоосны үндсэн дээр гэрчилж болно.


http://www.e-khutuch.mn/guide/print/30/348/advice