ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Зөрчлийн тухай ойлголт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа Хэрэг бүртгэлт

Хэрэг бүртгэлт

1. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой  мэдээллийг хаанаас авч болох вэ?

Зөрчлийн хэргийн оролцогчдод хууль, эрх зүйн асуудлаар мэдээлэл шаардлагатай бол Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан, Эрх зүйн цахим хөтөч, хууль зүйн мэдээлэл, зөвлөгөө өгөх клиник төвүүдээс мэдээлэл авах боломжтой.

Зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны талаарх мэдээлэл шаардлагатай бол цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага  дахь мэдээлэл, дүн шинжилгээ хариуцсан алба хаагчдаас, харин хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх мэдээлэл шаардлагатай бол шүүх байгууллага дахь мэдээлэл лавлагааны мэргэжилтнүүдээс  мэдээлэл авах боломжтой.

2. Зөрчил үйлдсэн тохиолдол бүрд хэрэг нээгдэж, шалган шийдвэрлэх үү?

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дараалал ёсоор эхлээд зөрчлийн хэрэг нээх ажиллагаа хийгддэг. Энэ нь тохиолдол бүрд хийгдэхгүй. Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 1.9-д заасан “зөрчлийн шинжгүй, Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, тухайн зөрчилд хариуцлага тооцсон хуулийн зүйл, хэсэг, заалт хүчингүй болсон, зөрчил үйлдсэн хүн нас барсан, тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бол” гэсэн тохиолдлуудад зөрчлийн хэрэг нээхгүй учир хэрэг бүртгэлтийн ажиллагаа болон шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэхгүй.

3. Зөрчлийн шинж гэж юу вэ?

Зөрчил гэсэн ойлголтыг бүрдүүлж буй агуулга нь өөрөө зөрчлийн шинж болдог бөгөөд зөрчил нь 2 үндсэн шинжээс бүрдэж байна. Нэгдүгээрт, хууль эсвэл хэм хэмжээний акт зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байх, Хоёрдугаарт, тэр үйлдэл, эс үйлдэхүйд зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулахаар заасан байх гэсэн шинжүүд юм. Зөрчил үйлдсэн гэх холбогдогчийн үйлдэл, эс үйлдэхүйд энэ 2 шинж хоёулаа байвал зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийг үйлдсэн гэж үзнэ.

4. Шийтгэлийн хуудас гэж юу вэ?

Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан шийдвэрийг шийтгэлийн хуудас гэнэ. Шийтгэлийн хуудсанд зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана.

Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулан шийтгэл оногдуулсан бол уг үүргээ нөхөн биелүүлэхийг даалгах, эсхүл үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг гаргуулах агуулгыг шийтгэлийн хуудсанд тусгасан байдаг.

5. Шийтгэлийн ямар төрлүүд байдаг вэ?

Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтоох зорилготой байдаг.

Зөрчлийн тухай хуулийн 3.3-т зааснаар зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах дараах шийтгэлүүд байдаг. Үүнд: 

1.торгох шийтгэл;

2.баривчлах шийтгэл;

      3.эрх хасах шийтгэл.

            Шийтгэл нь үндсэн болон нэмэгдэл шийтгэл, албадлагын арга хэмжээ гэсэн төрөлтэй бөгөөд торгох, баривчлах шийтгэлийг үндсэн, эрх хасах шийтгэлийг нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр оногдуулдаг.

Хүнд оногдуулах шийтгэл. Зөрчил үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүн зөрчил үйлдсэн бол шийтгэл оногдуулна. Зөрчил үйлдсэн хүний нас 16 наснаас эхлэх боловч зөрчил үйлдсэн арван зургаагаас арван найман насны хүний хувийн байдал, зөрчлийн шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан шийтгэлээс чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.

Хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаар заасан. Энэ нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил бүрд хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахгүй, харин тусгай ангид хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаар заасан зөрчлийн хувьд л шийтгэл оногдуулна гэж ойлгоно.


http://www.e-khutuch.mn/guide/print/26/235/faq