ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Ажил эрхлэлт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр

“Хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэдэг нь бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хэлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, онцлогийг хуулиар зохицуулснаар тэднийг ажил хөдөлмөр эрхлэх болон ялгаварлан гадуурхлаас ангид байх боломжийг бий болгодог.

Асуулт 1. Би хэлгүй. Бас сонсгол муутай. Ажил хийж, амьдралаа залгуулъя гээд хоёр ч ажилд орох хүсэлтээ тавихад ажилд аваагүй. Уг нь Хөдөлмөрийн хуульд тахир дутуу, одой хүнийг ажилд авч ажиллуулах талаар заасан байдаг гэсэн?

Тийм ээ. Ийм зохицуулалт Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлд заасан байдаг. Өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулна гэж заасан.

Тахир дутуу, одой хүний биеийн байдал нь хөдөлмөр эрхлэхэд саад болохооргүй буюу хөдөлмөрийн нөхцөл нь харшлахгүй бол уг шалтгаанаар ажилд авахаар татгалзахыг хориглохоор заасан. Иймд та эрхээ хамгаалуулахаар холбогдох байгууллагад хандаж болно.

Асуулт 2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн өдөрт хэдэн цаг ажиллах ёстой байдаг вэ ?

Хөдөлмөрийн тухай хуулийн 84.1-т зааснаар Долоо хоногийн ажлын цаг нь 40 цаг хүртэл, 16-17 насны болон хөгжлийн бэрхшээлтэй ажилтанд 36 цаг хүртэл байна.

Асуулт 3. Аж ахуй нэгж байгууллага орон тооныхоо хэдэн хувьд хөгжлийн бэрхшээлтэй болон одой хүн авч ажиллуулах ёстой байдаг вэ?

Хөдөлмөрийн тухай хуулийн 144.1-т зааснаар 25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна. Дээрх хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүн ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд сар бүр төлбөр төлнө.

Асуулт 4. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөдөлмөр эрхлэх явцад нь ялгаварлан гадуурхах гэдэгт  ямар ямар үйлдэл, эс үйлдэхүй хамаарах вэ?

Хөгжлийн бэрхшээлтэнй хүний эрхийн тухай хуулийн 6.2.Түгээмэл загвар, тохирох хэрэглэгдэхүүн бүхий орчин нөхцөл, үйлчилгээний хүртээмжийг бүрдүүлээгүй байх, бүрдүүлэхээс татгалзах, нийгмийн үйлчилгээг бусдын адил тэгш хүртэх боломжийг хязгаарлах төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг ялгаварлан гадуурхалт гэж үзнэ.

Мөн хуулийн 6.4.1.ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзах, сонгон шалгаруулалтад тэнцсэн хүнийг хөгжлийн бэрхшээлийн улмаас ажилд авахаас татгалзах;

6.4.2.хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүний албан тушаал ахих, дэвших боломжийг хязгаарлах;

6.4.3.байгууллага, аж ахуйн нэгж нь ажиллагсадыг хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварласан дүрэм, журам, удирдлагын арга барилыг хэрэглэх, ашиглах;

6.4.4.гэр бүлийн гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй гэсэн шалтгаанаар хүнийг ажилд авахаас татгалзах, чөлөөлөх, бусад хэлбэрээр ажил, хөдөлмөр эрхлэх эрхийг нь хязгаарлах;

6.4.5.хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдлэг ур чадвар, онцлогт тохирсон ажлын байрыг зохион байгуулахаас татгалзах, цалин хөлсийг ялгавартай тогтоох;

6.4.6.хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлогт тохирсон ажлын байрны тохирох хэрэглэгдэхүүн бий болгохгүй байх.

Асуулт 5. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлттэй холбоотой гомдлыг хаана гаргах вэ?

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхсан талаарх гомдлыг эхлээд байгууллагын дэргэдэх Хөдөлмөрийн маргаан таслах комисст, Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй тохиолдолд байгууллагын захиргаанд гомдол гаргана. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүх болон Хүний эрхийн үндэсний комисст харьяалах асуудлаар гомдол гаргах эрх нээлттэй.   


http://www.e-khutuch.mn/guide/print/2/367/faq