ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Ажил эрхлэлт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр

“Хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэдэг нь бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хэлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, онцлогийг хуулиар зохицуулснаар тэднийг ажил хөдөлмөр эрхлэх болон ялгаварлан гадуурхлаас ангид байх боломжийг бий болгодог.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилд орох, албан тушаал дэвших, цалин хөлс, нөхөн олговор авах, ээлжийн амралт авах хөдөлмөр эрхлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд бусадтай адил тэгш хамрагдах эрхтэй.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байр нь:

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрны нөхцөл нь тэдний хөдөлмөрлөх чадварт нь тохирсон байна.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байр нь түүнийг орж, гарахад нь саад болохооргүй байдлаар тоноглогдсон байна. /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 16 дугаар зүйл/

            Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах ажлын байр нь стандартад нийцэж байгаа эсэхийг  төрийн захиргааны хяналтыг мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн эрх олгосон хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч шалгана. 

            Аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон Хөдөлмөрийн хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан хамтын гэрээгээрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, тухайн аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж тахир дутуу ажилтны амьжиргааг сайжруулах зохицуулалтын харилцааг тусгана.

            Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхэлтийг дэмжих зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 6 сараас дээш хугацаагаар ажилгүй байгаа иргэнийг ажилд авч, 12 сараас доошгүй хугацаагаар ажлын байраар хангасан ажил олгогчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшууллыг нэг удаа олгож, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газраас гарсан иргэнийг ажлын байраар хангаж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх талаар тодорхой санаачилга гаргаж, үр дүнд хүрсэн ажил олгогчийг тусгай болзлын дагуу Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл шалгаруулж, урамшуулдаг. /Хөдөлмөр эрхэлтийг дэмжих тухай хуулийн  15 дугаар зүйл/

            Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлд зааснаар 25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна. Заасан хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүн ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд сар бүр төлбөр төлнө.

            Энэхүү төлбөрийг тухайн орлогыг бүрдүүлсэн орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд зарцуулна. 

            Хөгжлийн бэрхшээлтэй, одой хүний биеийн байдал нь хөдөлмөр эрхлэхэд саад болохооргүй буюу хөдөлмөрийн нөхцөл нь харшлахгүй бол тэдгээрийг уг шалтгаанаар ажилд авахаас татгалзахыг хориглоно.

Мөн дараах тохиолдлуудыг хориглоно. Үүнд:

  • ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзах, сонгон шалгаруулалтад тэнцсэн хүнийг хөгжлийн бэрхшээлийн улмаас ажилд авахаас татгалзах;
  • хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүний албан тушаал ахих, дэвших боломжийг хязгаарлах;
  • байгууллага, аж ахуйн нэгж нь ажиллагсадыг хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварласан дүрэм, журам, удирдлагын арга барилыг хэрэглэх, ашиглах;
  • гэр бүлийн гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй гэсэн шалтгаанаар хүнийг ажилд авахаас татгалзах, чөлөөлөх, бусад хэлбэрээр ажил, хөдөлмөр эрхлэх эрхийг нь хязгаарлах;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдлэг ур чадвар, онцлогт тохирсон ажлын байрыг зохион байгуулахаас татгалзах, цалин хөлсийг ялгавартай тогтоох;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлогт тохирсон ажлын байрны тохирох хэрэглэгдэхүүн бий болгохгүй байх. /Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйл/

Хөгжлийн бэрхшээлтэй ажилтны долоо хоногийн ажлын цаг 36 цаг хүртэл ба ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 20 өдөр байна.

Цалин хөлс олгож байгаа шалтгаанаар хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн халамжийн болон нийгмийн даатгалын аливаа тэтгэвэр, тэтгэмжийг зогсоохыг хориглоно.

Монгол Улсын иргэн гадаадад гэрээгээр ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас амь алдсан, тахир дутуу болсон нөхцөлд зуучлах зөвшөөрөл авсан байгууллага холбогдох хохирлыг барагдуулах бөгөөд ар гэрийнхэн нь хүсэлт гаргасан тохиолдолд амь алдсан иргэний цогцсыг Монгол Улсад авчрах зардлыг хариуцна. /Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10 дэх заалт/

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг төрөөс дэмжих талаар: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтэд төрөөс дараахь дэмжлэг үзүүлнэ:

  • хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрлөх чадварт тохирох хэрэглэгдэхүүн бүхий ажлын байр бий болгох, тэдгээрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төсвийн хөрөнгөөр хийх худалдан авалтад тэргүүн ээлжинд хамруулах;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүн мэргэжлээрээ ажиллахад шаардагдах ажлын багаж, тоног төхөөрөмж, материал болон бусад шаардлагатай хэрэгслийг худалдан авахад нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нэг удаа санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дунд мэргэжлийн ур чадварын тэмцээн зохион байгуулахад төрөөс дэмжлэг үзүүлэх;
  • мэргэжлийн ур чадварын олон улсын тэмцээнд амжилттай оролцсон хөгжлийн бэрхшээлтэй хүнд урамшуулал олгох ба урамшуулал олгох журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлах;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүнд мэргэжлийн чиг баримжаа, ур чадвар олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа сургалтын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх.

Ажлын байрны сонгон шалгаруулалт:

  • Төрийн байгууллага, хуулийн этгээд нь ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлахдаа хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээг харгалзан үзнэ.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохдоо түүний хөгжлийн бэрхшээлийн онцлог хэрэгцээ, шаардлагад тохирох тусламж, нэмэлт цаг ашиглах эрхтэй. 
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүн хэрэгцээ, шаардлагын талаар хүсэлт гаргасан тохиолдолд сонгон шалгаруулалт явуулж байгаа байгууллага хүсэлтийг хүлээн авах үүрэгтэй.

http://www.e-khutuch.mn/guide/print/2/367/decide_order