ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Ажил эрхлэлт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр

“Хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэдэг нь бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хэлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, онцлогийг хуулиар зохицуулснаар тэднийг ажил хөдөлмөр эрхлэх болон ялгаварлан гадуурхлаас ангид байх боломжийг бий болгодог.

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжлийн баримжаа олгох сургалтыг тус төвийн нэгж Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль эрхлэн явуулдаг. Тус сургууль нь 15-45 насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг 1-2,5 жилийн мэргэжлийн ангид суралцуулах боломжтой ба бусад мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээс ялгаатай нь боловсролын түвшин хамаарахгүй сургуулиас завсардсан болон суурь боловсролгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжлийн боловсрол, чиг баримжаа олгож байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн мэргэжлийн боловсрол олгож, тэдэнд харилцаа, амьдрах ухаан, бизнес аж ахуй эрхлэх, англи хэл, биеийн тамир, эрүүл мэндийн болон мэргэжлийн технологийн хичээлүүдийг /20 хувь/ онол, /80 хувь/ дадлага хослуулан заадаг. 27 Үүнд: Нэг жилийн Тогооч, Талх, нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан, Оёмол бүтээгдэхүүний оёдолчин /2,5 жил/, Модон эдлэлийн мужаан, Бэлэг дурсгалын зүйл урлаач, Хэвлэлийн дизайнч /2,5 жил/, Гар утас, телефон аппаратны засварчин гэсэн 7 чиглэлээр мэргэжлийн боловсрол олгох сургалтуудыг явуулдаг.

Хараагүй иргэдийн холбооны мэргэжлийн сургалтын төвөөс массаж, морин хуур, компьютер, ноос ноолуур боловсруулах гэсэн 4 чиглэлээр 2 жилийн хугацаатай сургалт явуулдаг. Мөн донор 29 байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр хөдөө орон нутгийн хараагүй иргэдэд зориулсан, таягтай алхах сургалт, мөн сургагч багш бэлтгэх сургалт явуулдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрлөх эрхээ эдлэхэд иргэн, хуулийн этгээдийн дараахь үйлдэл, эс үйлдэхүйг ялгаварлан гадуурхалт гэж үзнэ:

  • ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзах, сонгон шалгаруулалтад тэнцсэн хүнийг хөгжлийн бэрхшээлийн улмаас ажилд авахаас татгалзах;
  • хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүний албан тушаал ахих, дэвших боломжийг хязгаарлах;
  • байгууллага, аж ахуйн нэгж нь ажиллагсадыг хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварласан дүрэм, журам, удирдлагын арга барилыг хэрэглэх, ашиглах;
  • гэр бүлийн гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй гэсэн шалтгаанаар хүнийг ажилд авахаас татгалзах, чөлөөлөх, бусад хэлбэрээр ажил, хөдөлмөр эрхлэх эрхийг нь хязгаарлах;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдлэг ур чадвар, онцлогт тохирсон ажлын байрыг зохион байгуулахаас татгалзах, цалин хөлсийг ялгавартай тогтоох;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлогт тохирсон ажлын байрны тохирох хэрэглэгдэхүүн бий болгохгүй байх.
  • Түгээмэл загвар, тохирох хэрэглэгдэхүүн бүхий орчин нөхцөл, үйлчилгээний хүртээмжийг бүрдүүлээгүй байх, бүрдүүлэхээс татгалзах, нийгмийн үйлчилгээг бусдын адил тэгш хүртэх боломжийг хязгаарлах төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг ялгаварлан гадуурхалт гэж үзнэ.

“тохирох хэрэглэгдэхүүн” гэж хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын адил хүний үндсэн эрх, эрх чөлөөг тэгш эдлэхэд зориулсан нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмж, материал, хэрэгсэл, программ хангамж, орчин нөхцөл, үйлчилгээг;

“түгээмэл загвар” гэж нэмэлт тохиргоо, тусгай загвар шаардахгүйгээр бүх хүн ашиглахад тохиромжтой, энгийн бүтээгдэхүүн, программ, орчин болон үйлчилгээний хэв маягийг хэлнэ.

Хуулийн этгээд нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр дараахь нийтлэг эрх, үүрэгтэй:

  • хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээ шаардлагад нийцсэн ажиллах орчныг бүрдүүлэх;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй орчин бүрдүүлэхдээ олон улсын чиг хандлагын дагуу түгээмэл загвар хэрэглэхийг эрхэмлэх;
  • нийтийн зориулалттай үйлчилгээний болон бусад байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүнд дараалал харгалзахгүй үйлчлэх;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн амьдралын идэвхтэй оролцоо, түүний амжилт, бүтээлийг хамт олонд нь сурталчлах, урамшуулах;
  • хөгжлийн бэрхшээлтэй болсон хүнд түүнийг ажиллуулж байсан байгууллагын хувьд тусламж, дэмжлэг үзүүлэх;
  • өөрчлөн зохион байгуулагдсан буюу татан буугдсан бол түүний эрх, үүргийг хүлээж авсан этгээд дээрх эрх, үүргийг хэрэгжүүлэх; 
  • хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй зүй бусаар харилцах, эрх, эрх чөлөөг нь аливаа хэлбэрээр зөрчихийг үл тэвчих;
  • ажилтан тухайн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон нь шүүхээр тогтоогдсон бол хохирлыг нөхөн төлөх;
  • хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны стандартыг хангаж ажиллах;
  • хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.

http://www.e-khutuch.mn/guide/print/2/367/advice