ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Шүүхийн бус журмаар маргааныг шийдвэрлэх арга /эвлэрүүлэн зуучлал/ Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа

Хуулийн зохицуулалт

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны нэг гол зарчим нь “эвлэрүүлэн зуучлагч төвийг сахисан байр суурьтай байх” юм. Эвлэрүүлэн зуучлалын зорилго нь талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц шийдлийг олоход нь зуучлагч дэмжлэг үзүүлж, тэдгээрийн хоорондын харилцааны зөрчил, маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай зохицуулахад орших бөгөөд талуудын илэн далангүй итгэн ярьсан зүйлс, тайлбар бичиг зэрэг нь хожим өөрийнх нь эсрэг нотлох баримт болж ашиглагдах ёсгүй.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах хэлбэр

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь талуудтай хийх уулзалт байдаг. Уулзалтыг хамтын болон гарцаарчилсан уулзалт хэлбэрээр явуулж болох хэдий ч эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эхний уулзалтад талуудыг заавал оролцуулна. Энэ уулзалтаар эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагааны дэг, журам, талуудын эрх, үүргийг танилцуулж, талуудын шаардлага, тайлбарыг сонсож, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлно. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хамтын болон гарцаарчилсан уулзалтын аль ч үед эвлэрүүлэн зуучлагч нь тухайн нөхцөл байдалд тохируулан үнэлэх болон дэмжих, харилцан буулт хийхийг дэмжих хэлбэрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хэрэглэх боломжтой.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах хэлбэр

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг талуудыг хамтран оролцуулах зарчмын дагуу явуулна. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талуудыг хамтран оролцуулах нь зөвхөн эхний уулзалтаар хязгаарлагдахгүй бөгөөд уг ажиллагааны туршид явагдах бүх уулзалтад хамаарах хэдий ч зөвхөн шаардлагатай тохиолдолд талуудтай ганцаарчилсан уулзалт хийнэ. Эвлэрүүлэн зуучлагч нь талуудтай ганцаарчилсан уулзалт хийх тохиолдолд ганцаарчилсан уулзалт хийх гэж байгаагаа нөгөө талд заавал мэдэгдсэн байх ёстой бөгөөд түүнчлэн талууд эсрэг талдаа мэдэгдэхгүйгээр зуучлагчтай уулзахыг хуулиар хориглосон. Эвлэрүүлэн зуучлагч талуудтай ганцаарчилсан уулзалт хийх нь уулзалтад оролцож байгаа талаас илүү мэдээлэл авах, асууж ярилцах зэрэг боломжтой байдаг бөгөөд улмаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаа цаашид хэрхэн явуулах хандлагаа тодорхойлоход дөхөм болдог.

Нэг удаагийн уулзалтын хугацаа нь талуудын тайлбарыг бүрэн сонсох, харилцан ойлголцоход хангалттай байвал зохино.


http://www.e-khutuch.mn/guide/print/19/338/law