ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Шүүхийн бус журмаар маргааныг шийдвэрлэх арга /эвлэрүүлэн зуучлал/ Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа

Асуулт: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх боломжтой юу?

Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурсан байна.

Асуулт: Шүүх хуралдааны явцад талууд эвлэрвэл шүүгч яах ёстой вэ?

Шүүх хуралдааны явцад эвлэрвэл хуралдааны тэмдэглэлд тусгаж, гарын үсэг зуруулна. Нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, эсхүл бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүгч эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргаж, захиргааны хэргийн шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийн тухай асуудлыг шийдвэрлэнэ. Дээр дурдсаны дагуу эвлэрсэн бол уг маргааныг захиргааны шүүх дахин авч хэлэлцэхгүй.

Асуулт: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч ямар эрхтэй оролцох вэ?

Хариуцагч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ:

1.захиргааны хэргийн шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх;

2.нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчтэй эвлэрэх;

3.захиргааны хэргийн шүүхийн болон эсрэг талын шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл, хуулбар хийх;

4.гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах, нэмэлт нотлох баримт цуглуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах;

5.шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч, прокурор, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шинжээч, орчуулагч, хэлмэрчийг хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргахыг шаардах;

6.шүүх хуралдааны бусад оролцогчид асуулт тавих;

7.захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг давж заалдах, эсхүл хяналтын журмаар гомдол гаргах;

8.хуульд заасан бусад эрх эдэлнэ.

Асуулт: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь иргэн, хуулийн этгээдийн төлөөлөгч итгэмжлэлд тусгайлан заасан бол ямар бүрэн эрхтэй оролцох вэ?

Төлөөлөгч нь төлөөлүүлж буй этгээдээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд:

1.нэхэмжлэлийн өргөдөлд гарын үсэг зурах;

2.нэхэмжлэлийг хүлээн авах;

3.нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн буюу хэсэгчлэн татгалзах;

4.нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх;

5.эвлэрэх;

6.захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг давж заалдах, эсхүл хяналтын журмаар гомдол гаргах;

7.төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлийг бусдад шилжүүлэх;

8.захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхийг шаардах эрх эдэлнэ.

Асуулт: Захиргааны хэрэг үүсгэсэн шүүгч ямар ажиллагаа явуулах вэ?

Нэхэмжлэл хүлээн авч, хэрэг үүсгэсэн шүүгч:

1.хариуцагчийг дуудан ирүүлж, нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримт бичгийн хувийг гардуулж, энэ тухайгаа баталгаажуулах;

2.хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, гэрчийг дуудаж мэдүүлэг авах, шинжээч, орчуулагч, хэлмэрч томилох болон шаардлагатай бусад ажиллагаа явуулах;

3.хэргийн оролцогчид эрх, үүргийг нь амаар тайлбарлан өгч, энэ тухай тэмдэглэлд бичиж, гарын үсэг зуруулах;

4.шаардлагатай бол холбогдох шүүхэд шүүхийн даалгавар явуулах;

5.талуудыг эвлэрүүлэх арга хэмжээ авах;

6.нэхэмжлэлийн үнэ, захиргааны хэргийн шүүхийн зардлын тухай шийдвэрлэх зэрэг ажиллагаа явуулна.


http://www.e-khutuch.mn/guide/print/19/338/faq