ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Эрүүгийн хэрэг /гэмт хэрэг/ хянан шийдвэрлэх ажиллагаа Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Хэрэв энэ хугацаанд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно.

Шүүх хуралдааныг хойшлуулахад талуудын санал, хүсэлтийг харгалзан дараагийн шүүх хуралдааны товыг тогтоож, хуралдааны бэлтгэл хангах арга хэмжээг авна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдаан завсарласан бол завсарлах хугацаа ажлын 5 өдрөөс хэтэрч болохгүй.

Хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажлын 5 өдрийн дотор хүргүүлнэ.

ДАВЖ ЗААЛДАХ ГОМДОЛ: Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргана.

Цагдан хоригдож байгаа ял шийтгүүлсэн этгээд давж заалдах гомдол гаргасан бол цагдан хорих байгууллагын захиргаа уг гомдлыг баталгаажуулж, дараагийн ажлын өдөрт багтаан харьяалах шүүхэд хүргүүлнэ.

ДАВЖ ЗААЛДАХ ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ: Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээс хавтаст хэргийн материал хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэнэ.

Ерөнхий шүүгч хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно.

Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх хуралдаан болох газар, товыг 3-аас доошгүй хоногийн өмнө хүсэлт гаргасан прокурор, оролцогчид мэдэгдэнэ.

ХЯНАЛТЫН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ: Шүүх хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар хянан шийдвэрлэх ба хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан энэ хугацааг Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн нь шүүгчийн саналыг харгалзан 1 удаа сунгаж болно.

 

 

 

 


http://www.e-khutuch.mn/guide/print/18/234/decide_time