ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Эрүүгийн хэрэг /гэмт хэрэг/ хянан шийдвэрлэх ажиллагаа Прокурорын хяналт

Прокурорын хяналт

Хуулийн зохицуулалт

Прокурор гэж Прокурорын тухай хуульд заасан дээд шатны прокурор, бусад прокурорыг хэлэх бөгөөд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож буй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийг хэлдэг. Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавихдаа дараахь эрхтэй бөгөөд энэхүү эрх хэмжээнийхээ дагуу хяналтаа хэрэгжүүлдэг.

а/гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгах ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах;

б/гэмт хэргийн шинжийг өөрөө илрүүлсэн бол хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагад харьяаллын дагуу шилжүүлж шалгуулах;

в/хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяалал тогтоох;

г/гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангах талаар гаргасан санал, хүсэлтийг шийдвэрлэх;

д/эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох;

е/хэрэг бүртгэлтийн хэргийг хаах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх, сэргээх, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, сэргээх, нэгтгэх, тусгаарлах;

ё/хойшлуулшгүйгээс бусад тохиолдолд сэжигтнийг баривчлах саналыг шүүхэд хүргүүлэх, баривчлах ажиллагаа явуулахыг мөрдөгчид даалгах;

ж/хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулах хугацааг сунгах;

з/яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах саналыг шүүхэд хүргүүлэх;

и/энэ хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулах зөвшөөрлийг мөрдөгчид олгох;

к/гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч, яллагдагчийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлэх;

л/хуульд заасны дагуу гаргасан оролцогчийн хүсэлт, гомдлыг хянан шийдвэрлэхийн тулд хавтаст хэргийг татаж хянах;

м/мөрдөгч, эсхүл хяналт тавьж байгаа прокурорыг татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх, хэргийг өөр мөрдөгч, прокурорт шилжүүлэх шийдвэр гаргах;

н/мөрдөгч, эсхүл хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр, ажиллагааны талаар прокурорт гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх, тухайн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгох, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааг таслан зогсоох;

о/мөрдөншалгах ажиллагаа явуулах даалгаврыг өгөх, түүний биелэлтийг хангуулах, шаардлагатай гэж үзвэл мөрдөн шалгах ажиллагаа явуулах даалгаврыг хэд хэдэн мөрдөгчид өгөх, мөрдөн шалгах ажиллагаанд биечлэн оролцож хяналт тавих, нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар хэргийг мөрдөгчид буцаах;

ө/дээд шатны прокурор энэ хуульд заасан мөрдөгчийн саналыг үндэслэн тухайн хэрэгт хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр, ажиллагааг хянах;

п/эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх, эсхүл энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай саналыг шүүхэд хүргүүлэх;

р/хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцыг хянах, бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн шалгах, шаардлагатай бол хавтаст хэргийг татаж хянах, уг ажиллагаанд илэрсэн зөрчлийг арилгуулах талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын удирдлагад шаардлага тавих, зөрчлийг арилгуулах;

с/тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа өмгөөлөгчийн ажиллагаанд хуульд заасны дагуу гомдол гаргах;

т/шаардлагатай мэдээ, судалгаа, баримт бичгийг байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах, газар дээр нь танилцах, мэргэжлийн дүгнэлт, магадлагаа гаргуулах, хавтаст хэргийг архивт хадгалах;

у/мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих;

ү/прокурорын хянан шалгах ажиллагаа явуулах;

х/эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор, мөрдөгч нь хууль зөрчиж оролцогчид хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;

ц/энэ хуульд заасан бусад эрх.

Прокурорын хянан шалгах ажиллагаа. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй гэж прокурор үзвэл оролцогчийн гаргасан гомдлоор, эсхүл өөрийн санаачилгаар гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчаас биечлэн мэдүүлэг авах, шинжээч дахин томилж дүгнэлт гаргуулах, үзлэг, нэгжлэг, туршилтыг давтан хийх, мөрдөн шалгах нууц ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан эсэхийг хянан шалгах ажиллагаа явуулж болно.


http://www.e-khutuch.mn/guide/print/18/233/law