ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах

Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах

Хуулийн зохицуулалт

Нэг. Захиргааны хэргийн шүүхэд хандах.

Захиргааны хэргийн шүүхээр асуудал, маргаанаа шийдвэрлүүлэхийн тулд нэхэмжлэл” гаргана. Нэхэмжлэл гаргахын тулд эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй шийдвэр гаргасан, үйлдэл хийсэн ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, түүний дээд шатны, эсхүл тухайн байгууллагын асуудлыг шийдвэрлэх эрх бүхий байгууллагад хандсан байх шаардлагатай. /Захиргааны байгууллагад гомдол гаргахтай холбоотой дэлгэрэнгүйг “Захиргааны байгууллагад гомдол гаргах” хэсгээс [энд дарж] үзнэ үү./

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлд зааснаар дараах тохиолдлуудад, заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд хандана.

Шүүхэд хандах тохиолдлууд

Тохиолдол болсноос хойш шүүхэд хандах хугацаа

1.

Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол

Мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор

2.

Тухайн захиргааны байгууллага нь дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол,

Мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор

3.

Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг 30 хоногийн /30 хоногоор сунгасан/ хугацаанд хянан шийдвэрлээгүй бол

хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор

4.

Маргаан үүсгэсэн харилцааг зохицуулсан хуульд шууд шүүхэд хандахаар заасан бол,

 

мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор

5.

Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол.

 

шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоног

Хугацааг “мэдэгдснээс хойш” гэж тодорхойлсны учир нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд захиргааны байгууллага захиргааны актыг хаяглагдсан болон эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдэд заавал мэдэгдэх талаар хуульчилсан. Иймд захиргааны байгууллага шийдвэрээ мэдэгдсэн эсэх нь хугацаа тоолоход чухал.

Хоёр. Хэд хэдэн этгээдтэй хамтран нэхэмжлэл гаргах

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар “Адил шаардлага бүхий нэхэмжлэлийг хэд хэдэн этгээдтэй хамтран гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд дундаасаа төлөөлөгч томилон, итгэмжлэл олгож, төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхийн ажиллагаанд оролцох эрхтэй.” 

10 буюу түүнээс дээш этгээдтэй хамтран 1 нэхэмжлэл гаргаж байгаа бол 14 хоногийн дотор дундаасаа төлөөлөгчөө томилоно,  50-иас дээш хүн хамтран нэхэмжлэл гаргах тохиолдолд төлөөлөгчийн тоо 5 хүртэл байх ба шүүгч тоог нь нэмж болно.  

Гурав. Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3-т зааснаар хуулиар эрх олгогдсон этгээд, эсхүл Төрийн бус байгууллага /ТББ/ нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой.

ТББ нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргахад дараах шаардлагыг хангасан байна.

  • нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх;
  • дүрмийн зорилгын дагуу сүүлийн 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх.

http://www.e-khutuch.mn/guide/print/17/239/law