ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллааганы нэг төрөл бол хүсэлтээр үүсэх ажиллагаа буюу онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэргүүд юм. Энэ нь ямар нэгэн эд хөрөнгө нэхэмжлээгүй, иргэн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө зөрчигдөөгүй, харин эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд гаргасан баримт бичиг юм.

Хуулийн зохицуулалт

Дараах хэргүүдийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ: /ИХШХШтХуулийн 133 дугаар зүйл/

  • эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох;
  • хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах;
  • сэтгэцийн өвчний улмаас хүнийг эрх зүйн чадамжгүй болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас хязгаарлагдмал чадамжтай гэж тооцох;
  • хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох;
  • асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцох;
  • эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх;
  • иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох;
  • иргэний хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээх;
  • нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах;
  • хуулийн этгээдийг дампуурсанд тооцох.

Дээрх хэсэгт заасан хэргийг шүүх хүсэлт гаргасан этгээд, холбогдох хуулийн этгээд, иргэнд мэдэгдсэний үндсэн дээр тэдний хүсэлтийн дагуу онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад бусад иргэн, хуулийн этгээдийн эрх хөндөгдсөн тохиолдолд тэдгээр нь гуравдагч этгээдээр оролцож болно.


http://www.e-khutuch.mn/guide/print/16/315/law