ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа Шүүхэд нэхэмжлэл гаргах, түүнийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэх ажиллагаа

Нэхэмжлэл -Энэ нь хууль болон гэрээний үүргийг биелүүлээгүйгээс өөрт учирсан эдийн ба эдийн бус хохирлоо гэм буруутай этгээдээс гаргуулахаар шүүхэд хандаж гаргасан баримт бичиг юм. Нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага
    1. Та шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дээрх нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлагыг хангасан байхаас гадна таны асуудлыг шийдвэрлэх байгууллага болох нэхэмжлэл гаргах шүүхээ сонгохдоо  дараах харъяаллын дагуу гаргана: /ИХШХШтХуулийн 14-16 дугаар зүйл/
  • Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.
  • Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана.
  • Хариуцагчийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байвал нэхэмжлэлийг эд хөрөнгө нь байгаа газрын шүүхэд гаргаж болно.
  • Бусдын амь бие, эрүүл мэндэд гэм хор учруулсны хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хариуцагч, эсхүл нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно.
  • Гэрээнд үүрэг гүйцэтгэх газрыг тусгайлан заасан бол түүнтэй холбогдсон нэхэмжлэлийг уг гэрээг биелүүлбэл зохих газрын шүүхэд гаргаж болно.
  • Өөр өөр газар оршин суугаа /оршин байгаа/ хэд хэдэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрийн үзэмжээр хариуцагчдын аль нэгний оршин суугаа /оршин байгаа/ газрын шүүхэд гаргана.
  • Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой буюу эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх тухай нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргана.
  • Гадаад улсын нутаг дэвсгэр дээр байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдтэй холбоотой нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл хариуцагчийн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргаж болно.
  • Өв залгамжлагч өвийг хүлээн авахаас өмнө өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгчээс гаргах нэхэмжлэлийг өвлөгдөх эд хөрөнгө бүхэлдээ буюу түүний гол хэсэг нь байгаа газрын шүүхэд гаргана.
  • Тэжээн тэтгэхтэй холбогдсон нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.

http://www.e-khutuch.mn/guide/print/16/306/decide_org