ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа Цэцийн хуралдаан

Цэцийн хуралдаан

Асуулт: Цэц нууц зөвлөлдөх гэж юуг ойлгох вэ?

Цэцийн шийдвэр гаргах гишүүдийн зөвлөлдөөнийг тусгай тасалгаанд хийнэ. Цэцийн зөвлөлдөөн хийж байгаа тасалгаанд хуралдааны бүрэлдэхүүнд орсон гишүүд, зөвлөлдөөний тэмдэглэл хөтлөх хуралдааны нарийн бичгийн даргаас өөр хүн орохыг хориглоно. Зөвлөлдөх тасалгаанд гишүүдийн гаргасан саналыг задруулахыг хориглоно.

Асуулт: Цэцийн хуралдааныг хэзээ зарлан явуулах вэ?

Цэцийн гишүүн маргааныг Цэцийн хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажиллагааг дууссан гэж үзвэл түүнийг Цэцийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүлэх тухай тогтоол гаргах ба маргагч талууд, гэрч, шинжээч болон бусад оролцогчдод Цэцийн хуралдаан болох газар, өдөр, цагийг албан ёсоор мэдэгдэнэ.

Асуулт: Цэцийн шийдвэрийн талаарх мэдээллийг хаанаас авч танилцаж болох вэ?

Цэцийн шийдвэрийн товч агуулгыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд нэн даруй мэдээлдэг.

Цэцийн нээлттэй хуралдааны шийдвэрийг бүрэн эхээр нь “Төрийн мэдээлэл” сэтгүүлд нийтэлнэ.

Цэцийн хаалттай хуралдааны шийдвэрээс шаардлагатай хэсэг, заалтын агуулгыг нийтэд мэдээлнэ.

Асуулт: Цэцийн үйл ажиллагааг саатуулсан этгээдэд хүлээлгэх хариуцлага?

  • Хуралдааны дэг журмыг зөрчиж урьдчилан сануулга авсан этгээд дахин зөрчил гаргавал хуралдаан даргалагчийн шйидвэрээр түүнийг танхимаас гаргаж болно.
  • Маргааныг шалгах, хуралдаанаар хэлэлцэх үед Цэцэд санаатайгаар худал мэдүүлэг өгсөн, буруу дүгнэлт, тодорхойлолт, баримт бичиг гаргасан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал шүүх иргэнийг 1000-25000, албан тушаалтныг 3000-30000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-75000 төгрөгөөр торгоно.
  • Цэцийн хууль ёсны үйл ажиллагааг саатуулах, дарамт үзүүлэх зорилгоор гүтгэсэн, доромжилсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал шүүх түүнийг 5000-50000 төгрөгөөр торгоно.

Асуулт: Маргагч тал хуралдаанд хүрэлцэн ирээгүй тохиолдолд ямар үр дагавар үүсэх вэ?

Цэцийн хуралдаанд оролцогчдоос хүрэлцэн ирээгүй бол түүний шалтгааныг тодруулна.

Маргагч тал хуралдаан болох газар, байр, сар, өдөр, цагийн тухай албан ёсны мэдэгдэл авсан боловч хүндэтгэн үзэх ямар нэгэн шалтгаан заасан саналаа ирүүлээгүй, өөрийн нь эзгүйд асуудлыг шийдвэрлэхийг зөвшөөрснөө бичгээр ирүүлсэн бол хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.

Маргагч тал хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд өөрөө заавал биечлэн оролцох хүсэлтээ албан ёсоор мэдэгдсэн бол хуралдааныг хойшлуулах тухай магадлал гаргаж, түүнд уг хуралдааныг хийх хугацааг заах буюу тийм боломжгүй бол дараа зарлахаар тогтооно.


http://www.e-khutuch.mn/guide/print/15/301/faq