ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Байгалийн баялагийг зохистой ашиглах, байгаль хамгаалахтай холбогдох харилцаа Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах

Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах

Асуулт 1. Манай компани аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх гэтэл “тусгай хамгаалалттай газар нутагт гадаадын хөрөнгө оруулалттай компани ажиллуулахгүй” гэх юм. Ийм зохицуулалт байдаг юм уу?

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай Монгол Улсын хуулийн долдугаар бүлгийн 33 дугаар зүйлийн 2-т “Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно.” гэж заасан учир Тусгай хамгаалалттай газар нутагт гадаадын хөрөнгө оруулалттай компани үйл ажиллагаа явуулах эрхгүй.

Асуулт 2. Манай байгууллага улсын тусгай хамгаалалтад авсан нэгэн газрыг ашиглах зөвшөөрөл авах гэсэн юм. Зөвшөөрлийг хаанаас авах вэ?

Газар ашиглах хүсэлтээ хамгаалалтын захиргаанд байхгүй бол тухайн газрын харьяалагдах сум, дүүргийн Засаг даргад гаргана. Тэд хүсэлтийг Байгаль орчны яаманд уламжлах бөгөөд зөвшөөрсөн шийдвэрийг тус яам гаргана.

Асуулт 3. Тусгай хамгаалалттай газарт газар ашиглах зөвшөөрөл авсан иргэн хуулийн этгээдтэй газар ашиглалтын талаарх гэрээг хэрхэн байгуулах вэ?

Энэ гэрээг сум, дүүргийн Засаг дарга, тухайн нутгийн хамгаалалтын захиргаа, иргэн, хуулийн этгээд нар гурвалсан гэрээ байгуулах бөгөөд гэрээндээ дараах зүйлсийг тусгах хэрэгтэй. Үүнд:

  • тухайн газрын унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх талаар авах арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгө
  • газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа
  • газрыг ашиглах, хамгаалах талаарх талуудын эрх, үүрэг, хариуцлага
  • гэрээ дуусгавар болсон тохиолдолд газрыг эргүүлж авах нөхцөл, журам, уг газрыг нөхөн сэргээх, засаж тохижуулах, хүлээлгэн өгөх журам

Асуулт 4: Дүүргийн Засаг дарга “Б” тусгай хамгаалалтай газарт иргэдэд 15 жилийн хугацаагаар газар эзэмшүүлэх захирамж гаргажээ. Энэ нь зөв үү?

Буруу

1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар Дүүргийн Засаг даргад хуулиар ийм эрх олгоогүй.

2.Тусгай хамгаалалттай газар нутагт иргэд, хуулийн этгээдэд зөвхөн ашиглуулах зөвшөөрлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгодог.

3.Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах хугацаа 5 жил байдаг.

Асуулт 5: Тусгай хамгаалалттай газар нутагт иргэдэд гэр бүлийн хэрэглээний зориулалтаар газар эзэмшүүлж болох уу?

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33.1-д зааснаар  Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно гэжээ. Иймээс тусгай хамгаалалттай газар нутагт  иргэдэд газар эзэмшүүлэхийг хориглоно.

Асуулт 6: Монгол Улсад дархан цаазтай ямар газрууд байдаг вэ? 

Дархан цаазат газруудад Хасагт хайрхан, Их, бага говь, Хөх Сэрхийн нуруу, Богд Хан уул, Хан Хэнтий, Нөмрөг, Дорнод Монгол тал, Монгол Дагуур, Отгонтэнгэр, Увс нуурын Ой сав, Хордол Сарьдаг гэсэн газрууд ордог.

Асуулт 7: Тусгай хамгаалалттай газар нутагт ямар газрууд ордог вэ?

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар 1. дархан цаазат газар, 2. байгалийн цогцолборт газар 3. байгалийн нөөц газар, 3. дурсгалт газрыг тусгай хамгаалалттай газар нутагт хамааруулдаг.

Асуулт 8: Байгалийн нөөц газарт ямар үйл ажиллагаа явуулж болохгүй вэ?

Байгалийн нөөц газрын орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, ан амьтан агнах, барих, мод, зэгс, шагшуурга бэлтгэх зэргээр байгалийн унаган төрхийг өөрчлөх аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Харин байгалийн хэв шинж, тодорхой баялгийн төрх байдал, ургамал, амьтны аймгийн байршил, өсөлт, үржилтэд сөрөг нөлөөгүйгээр уламжлалт аж ахуй эрхлэхийг зөвшөөрдөг.

Асуулт 9: Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглагч нь ямар үүрэг хүлээдэг вэ?

Тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшиж байгаа аливаа иргэн, аж ахуйн нэгж нь Газрын тухай хуульд заасан ерөнхий үүргүүдээс гадна дараах үүргүүдийг хүлээдэг. Үүнд:

1. тухайн газрын унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх.

2. ашиглахаар авсан газартаа тогтоосон замаар орж, гарах

3. хууль буюу гэрээнд заасан үйл ажиллагаа явуулахтай холбогдуулан ашиглаж байгаа газрынхаа төлөв байдал, ашиглалтын зориулалтыг өөрчлөхөд хүрвэл холбогдох зураг төслөө төрийн захиргааны төв байгууллагад танилцуулж зөвшөөрөл авах

4. газар ашиглах эрх дуусгавар болоход ашиглаж байсан газраа нөхөн сэргээж, засаж тохижуулан хамгаалалтын захиргаа буюу сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгөх.

Асуулт 10: Байгалийн нөөц газар ашиглах гэрээ хийх гэсэн юм. Гэрээний хугацаа хэдэн жил байхыг хуульд тусгайлан заасан уу? 

Заасан. Уг гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд нэг удаад сунгах хугацаа мөн 5 жилээс илүүгүй байна.

Асуулт 11: Байгалийн цогцолборт газарт ямар газрууд ордог вэ?

Байгалийн цогцолборт газар гэдэг нь байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалсан, түүх, соёл, шинжлэх ухааны болон танин мэдэхүй, экологийн хүмүүжилд ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг юм.

Манай улсад Хөвсгөл, Говь гурван сайхан, Хустайн нуруу, Горхи-тэрэлж, Хорго-тэрхийн цагаан нуур, Алтай таван богд, Хангайн нуруу, Хар ус нуур, Ноён хангай, Ханхөхий-хяргас, Сийлхэмийн нуруу, Цамбагарав уул, Тарвагатайн нуруу, Онон-балж гэсэн газрууд байгалийн цогцолборт газарт хамаарагддаг юм. 

 

 


http://www.e-khutuch.mn/guide/print/11/148/faq