ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Газрын харилцаа Газар эзэмших

Газар эзэмших гэдэг нь газрыг гэрээнд заасан зориулалт нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ. Газар эзэмших эрх нь газар ашиглах эрхийг өөртөө давхар агуулж байдаг ойлголт юм. Энэ нь субьектын хувьд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хамаатай.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Та харьяа дүүргийн газрын албанд хүсэлт гаргаснаар газар эзэмших харилцаа үүснэ.

Иргэн та дүүргийн газрын алба, газар зохион байгуулагч буюу газрын даамалд хандаж эзэмших газрын тухай лавлагаа мэдээлэл авч, аль шатны байгууллагад газар эзэмших хүсэлт гаргах тухай мэдэх боломжтой.

  1. Иргэн таны газар эзэмших хүсэлтийг харьяаллын дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг дарга шийдвэрлэнэ.
  • Хэрэв таны эзэмших хүсэлттэй газар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу иргэдэд газар эзэмшүүлэх хэсэгт хамаарах бол сум, дүүргийн засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргана.
  • Хэрэв таны эзэмших хүсэлттэй газар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах хэсэгт хамаарах бол аймаг нийслэлийн засаг дарга шийдвэр гаргана.
  1. Дараах тохиолдолд газар эзэмшүүлэх шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга гаргана. Үүнд:
  • гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0.07 га-гаас илүүгүй,
  • гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар 0.1 га-гаас илүүгүй,
  • үр тарианы зориулалтаар 100 га хүртэл,
  • төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл эзэмшүүлж, ашиглуулахаар заасан
  • Төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дээрх 2 дугаар зүйлд зааснаас бусад зориулалтаар болон дурдсан хэмжээнээс илүү газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж Газрын тухай хуулийн 33 дугаар  зүйлийн 33.1.2 дахь заалтад заасан байдаг.


http://www.e-khutuch.mn/guide/print/1/4/decide_org