Малчин таны мэдлэгт Отрын бэлчээрийн ашиглалт

Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын  нийтлэг журмын 3 дугаар зүйлд зааснаар отрын бэлчээрийг ашиглах хугацаа нь 11 дүгээр сарын  1-нээс дараа оны 4 дүгээр сарын 1-нийг хүртэл нийт 150 хоногоос хэтрэхгүй байна. Онцгой тохиолдолд мал оруулах, гаргах хугацааг зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн өөрчилж болно.

Отрын бэлчээрт өвөлжих, хаваржих малын төрөл, тоог аймаг, сумдаас ирүүлсэн хүсэлт, тухайн аймаг, сумын болон отрын бэлчээрийн ургацын байдал зэргийг харгалзан зөвлөлийн хурлаар жил бүрийн 9 дүгээр сард хэлэлцэж тогтооно. 

Тухайн сум, дүүргийн мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний нэгжээс олгосон мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээг үндэслэн отрын бэлчээрт өвөлжиж, хаваржих мал сүргийг нутаглуулах өвөлжөө, хаваржаа болон ашиглуулах худаг, уст цэгийн зөвшөөрлийг захиргаа олгоно.

Захиргаа нь мал бүхий айл өрхийг харъяалах сумын Засаг даргатай  байгуулсан гэрээний үндсэн дээр тухайн отрын бэлчээрт мал өвөлжүүлж, хаваржуулах ажлыг зохион байгуулна.

  1. Захиргаа нь отрын бүс нутгийг хашаалж хамгаалах,  хашаа саравч, тэжээлийн агуулах барих, сэргээн засварлах зэрэг ажлыг зохион байгуулах, тэдгээрийг бүртгэлд  авч оторчдод актаар хүлээлгэн өгч ашиглуулах,  бүрэн бүтэн байдлыг нь хадгалан буцаан авах зэрэг үйл ажиллагааг хариуцан хэрэгжүүлнэ. 
  2. Отрын бүс нутгийг хашаалж хамгаалах, малын хашаа, тэжээлийн агуулахыг сайжруулах, бэлчээрийг усжуулах арга хэмжээ болон аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны зардалтай холбоотой асуудлыг Хүнс, хөдөө аж ахуйн сайдын төсвийн багцад тусган санхүүжүүлнэ.
  3. Отрын бэлчээрт өвөлжиж, хаваржсан малчид буцаж нүүхдээ ашиглаж байсан бэлчээр, хашаа саравч, бууц, худаг, уст цэгийн ойр орчныг цэвэрлэж, сэг зэмийг устгаж  захиргаанд албан ёсоор хүлээлгэж өгнө.
  4. Гэрээ байгуулаагүй, мөн мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээгүй мал бүхий айл өрхийг отрын бэлчээрт оруулахыг хориглоно.
  5. Зун, намрын улиралд мал бүхий айл өрхийг отрын бэлчээрт нутаглуулахгүй байх арга хэмжээ авна. 
  6. Захиргаа нь холбогдох аймгийн Засаг дарга болон хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад отрын бэлчээрийг нөхөн сэргээх, сайжруулах,  худаг, уст цэгийн хайгуул хийх, шинээр гаргах, засварлах, өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бий болгох, хөнөөлт шавьж, мэрэгчээс хамгаалах зэрэг асуудлыг зохих журмын дагуу тавьж шийдвэрлүүлнэ. 
  7. Захиргаа нь отрын бэлчээрийн хилийн заагийг тэмдэгжүүлж, бэлчээрийн даац, ургамлын бүрэлдэхүүн, талхагдал, хашаа, саравч, уст цэгийн байршлын зураглалыг жил бүр шинэчлэн үйлдэнэ. 
  8. Захиргаа нь отрын бэлчээрийн экологийн болон ургамлын бүрхэвчийн үнэлгээ, төлөв байдлын хянан баталгааг зохих хууль тогтоомжийн дагуу хийлгэнэ.
  9. Оторчдод нийгмийн болон хүн, мал эмнэлэг, соёл, худалдаа, холбооны үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг холбогдох аймаг, сум хариуцаж зохион байгуулах бөгөөд шаардлагатай үед отрын түр штаб байгуулан ажиллуулж болно.
  10. Жилийн эцсийн мал тооллогыг тухайн отрын бүс нутагт мал сүргээ оторлуулж байгаа сум хариуцан зохион байгуулна.

Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын  нийтлэг журмын 2 дугаар зүйлд зааснаар отрын бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах ажлыг улсын хэмжээнд "Аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалтын захиргаа" /цаашид "захиргаа" гэх/ хариуцаж зохион байгуулна.

Аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалтын захиргааны захирлын дэргэд тухайн отрын бэлчээрийн ашиглалтыг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг /цаашид "зөвлөл" гэх/ захирлын тушаалаар байгуулна. Зөвлөлийн бүрэлдэхүүнд холбогдох аймгийн Засаг даргын Тамгын газрын хөдөө аж ахуйн бодлого хариуцсан ажилтан, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга болон бусад холбогдох албан тушаалтныг оруулна.       

Орон нутгийн удирдлага, хууль хяналтын байгууллага гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ. Мөн саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө. /Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйл/

Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын  нийтлэг журмын 3 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт зааснаар отор хийж байгаа малчдын зүгээс гарсан маргаан, зөрчлийг зохих журмын дагуу шийдвэрлүүлэх, мал хулгайлах болон бусад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох арга хэмжээг холбогдох орон нутгийн удирдлага, хууль хяналтын байгууллага хариуцаж гүйцэтгэнэ.

 

Агуулга анх оруулсан: 2019-06-19 Шинэчилсэн: 2019-06-19

Мэдээ мэдээлэл