Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа Орон сууцны нийтийн зориулалттай эд хөрөнгө болон орон сууц өмчлөгчдийн дангаар өмчлөх эд хөрөнгө

Сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 142 дугаар зүйлд зааснаар нийтийн зориулалттай орон сууцны барилгын доторхи сууц /өрөө/ болон дундын өмчлөлийн зүйлд хамаарахгүй сууцны бус зориулалттай талбайн хэсгийг дангаар өмчилдөг ба тус дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна. Харин дундын өмчлөлийн эд хөрөнгөөс орон сууц өмчлөгчид ногдох хэсэг нь тэдгээрийн тус тусын өмчлөлд байгаа орон сууцны талбайн хэмжээ, нийт талбайн харьцаагаар тодорхойлогддог.

Сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилдөг бөгөөд орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаардаг: /СӨХЭЗБНЗОСБДӨЭХтХуулийн 15 дугаар зүйл/

  • орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө;
  • холбооны сангийн хөрөнгө. /Уг хөрөнгийг дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний болон бусад нийтлэг зардлаас өөр зүйлд зарцуулахыг хориглодог бөгөөд дараах хөрөнгө багтдаг: сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүү, холбооны санд оруулсан хандив, тусламж; холбооны аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого, засвар үйлчилгээнд зориулан төвлөрүүлэн хуримтлуулсан мөнгөн хөрөнгө, зээлийн хөрөнгө, бусад эх үүсвэр багтдаг/

СӨХолбооны дүрэмд заасан бол дундын өмчлөлийн эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр тодорхой нэг этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж болох ба сууц өмчлөгчид нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх, орон сууцны байшингийн дэвсгэр болон орчны газрыг эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхдээ инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар, үйлчилгээ эрхэлж буй мэргэжлийн байгууллагад саад учруулахыг хориглодог.

Орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардлыг хуваарилах:

Сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээний засвар,  үйлчилгээ хийлгэх мэргэжлийн байгууллагаа өөрсдийн үзэмжээрээ сонгон гэрээний үндсэн дээр тус байгууллагаар гүйцэтгүүлдэг / СӨХЭЗБНЗОСБДӨЭХтХуулийн 5 дугаар зүйлийн 5.8/ ба тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэн оршин суугчдаас төлбөрийг хураадаг.

Мөн СӨХЭЗБНЗОСБДӨЭХтХуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардлыг хуваарилахдаа Иргэний хуулийн 147 дугаар зүйлийг мөрдлөг болгон дараах байдлаар тооцдог:

  • Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө.
  • Орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторх дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны нийт сууцны тоонд хуваана.
  • Орон сууцны дээвэр, доод хонгил, халаалт болон халуун, хүйтэн усны удирдах зангилааны анхны хаалт хүртэл, цахилгаан оролтын самбар хүртэл холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэл, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээ, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээ, даатгал болон холбогдох бусад зайлшгүй зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлохдоо сууц эзэмшигчийн дангаар өмчлөх талбайг, тухайн орон сууцны байшингийн дангаар өмчлөх өмчлөлд байгаа нийт талбайд харьцуулан гаргана.
  • Дангаар өмчлөх талбайн хэмжээг тодорхойлохдоо, сууц өмчлөгчийн сууцны талбай дээр дангаар өмчлөх сууцны бус зориулалттай талбайн гуравны нэгийг нэмнэ.
  • Орон сууцны ашиглалтын хэвийн, аюулгүй байдлыг хангах, урсгал засвар хийлгэхээс бусад асуудлаар санал өгөөгүй өмчлөгч уг асуудлыг хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй бөгөөд энэ тохиолдолд тухайн этгээд уг арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд бий болсон зүйлийг ашиглахаар шаардах эрхгүй.
  • орон сууцны байшингийн нэг буюу хэд хэдэн сууцанд хамаарах дундын өмчлөлийн эд хөрөнгө /инженерийн шугам сүлжээ, салхижуулалтын хоолой, давхрын хаалга болон бусад тоног төхөөрөмж гэх мэт/-ийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг тухайн эд хөрөнгийг ашиглаж байгаа сууц өмчлөгчид хувааж төлнө.

Харин СӨХЭЗБНЗОСБДӨЭХтХуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д заасанчлан дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг дараахь тохиолдолд дор дурдсан сууц өмчлөгчдөөр бусад сууц өмчлөгчдөөс илүү өндөр хэмжээгээр төлүүлж болох бөгөөд ийнхүү төлөх хэмжээг бүх гишүүдийн хурлаар тогтооно:

  • дундын өмчлөлийн зарим эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээ нь тодорхой сууц өмчлөгчийн ашиг сонирхолд бусдынхаас илүү нийцэж байгаа бол;
  • сууц, сууцны бус зориулалттай хэсэгт хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа бол.

Би 10 давхар байрны 9 дүгээр давхарт амьдардаг бөгөөд миний бие  байрныхаа лифтийг ашиглахгүйгээр үргэлж шатаар дээш доош алхаж явдаг учир СӨХ-ны төлбөрөөс лифт ашиглалтын төлбөрөөс чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа тул энэ талаар СӨХ-дөө хандах гэсэн юм. Миний хүсэлтийг шийдвэрлэх боломжтой юу?

Боломжгүй. Учир нь СӨХЭЗБНЗОСБДӨЭХтХуулийн 148 дугаар зүйлийн 148.3-д “тухайн сууц өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан байдаг тул та амьдарч буй байрныхаа лифтийг ашиглахгүй байсан ч тухайн байрны тань таны төлөх дундын өмчлөлийн зүйлийн ашиглалтын зардлаас хасах  үндэслэл болохгүй байна.

Агуулга анх оруулсан: 2018-08-30 Шинэчилсэн: 2018-08-30

Мэдээ мэдээлэл