ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Газрын харилцаа Газар өмчлөх

Газар өмчлөх

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Нэг. Газар өмчилж авах тухай өргөдөл гаргах, түүнийг хянах (Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйл)

  • Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараах зүйлийг тусгана:
  • гэр бүлийн гишүүн бүрийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар;
  • оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, өмчилж авах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал;
  • өмчилж авах газрын зориулалт, хэмжээ;
  • Иргэд гэр бүлийн хэрэгцээний болон аж ахуйн зориулалтаар газрыг иргэд дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх бол энэ тухай хүсэлт.
  • Өргөдөлд өргөдөл гаргасан он, сар, өдрийг бичиж 18 нас хүрсэн гэр бүлийн гишүүн бүр гарын үсэг зурсан байна.

Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:

  • гэр бүлийн 16 нас хүрээгүй гишүүний төрсний гэрчилгээний хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
  • гэр бүлийн ам бүлийн байдлын тухай баг, хорооны Засаг дарга /тосгоны захирагч/-ын тодорхойлолт;
  • Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж байгаа бол газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээний хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
  • хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг /хэрэв газрыг дундаа хэсгээр өмчлөх бол өмчлөгч бүрийн хувьд оногдох газрын хэмжээ, байршил, заагийн тойм зураг/.
  • Сум, дүүргийн Засаг дарга өргөдлийг хүлээн аваад түүнд хүлээж авсан дараалал, он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэж гарын үсэг зурна. (Иргэн та хүсэлт хүлээн авсан талаар тодорхойлолтоо шаардан авч хадгалаарай!!!)

Тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэдэд өмчлүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээний талаархи зохих шийдвэр гарсны дараа иргэдээс газар өмчилж авах тухай хүсэлтийг хүлээн авна.

Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга газар өмчилж авах тухай иргэний гаргасан өргөдлийг хүлээж авсан өдрөөс хойш 3 сарын дотор хянан шийдвэрлэнэ.

Хоёр. Газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах (Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйл)

Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана.

Захирамжид өмчлүүлэх газрын байршил, зааг, зориулалт, өмчлөгч /өмчлөгчид/-ийн овог, эцэг /эх/-ийнх нь болон өөрийнх нь нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, 16 нас хүрээгүй гэр бүлийн гишүүний хувьд төрсний гэрчилгээний дугаар, газрын үнэ, газар тариалангийн зориулалтаар газрыг дундаа хэсгээр өмчилж авах бол дундаа хэсгээр өмчлөгч бүрт оногдох газрын хэмжээ, өмчлөгч бүрийн газрын заагийг тусгана.

Гурав. Газар өмчлөх эрхийг баталгаажуулах (Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйл)

Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэрийг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “Улсын бүртгэлийн гэрчилгээ” гэх/-г үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагаас олгосноор газар өмчлөх эрх үүснэ.

Дөрөв. Газар зохион байгуулалт хийж газрыг иргэний өмчид хүлээлгэн өгөх (Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйл)

Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийсэн байна.(Кадастрын зураглал хийх эрх бүхий хуулийн этгээдтэй ЭНД ДАРЖ ТАНИЛЦАНА УУ)
Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэх ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ.

Тав. Иргэн газар өмчлөх эрхээ үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх (Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйл)

Иргэний хувийн өмчийн газрын заагийг газар дээр нь тогтоох, тэмдэглэх, заагийн өөрчлөлтийг бүртгэлд тусгах, хянах үйл ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ.

Зургаа. Иргэний газар өмчлөх эрх үүсэх (Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 25 дугаар зүйл)

Иргэнд өмчлүүлсэн газрыг улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ.


http://www.e-khutuch.mn/guide/print/1/1/decide_order